Өөрчилсөн: 2019/01/01
Өөрчилсөн: 2013/08/15
Үүсгэсэн: 2013/03/11

Хувийн нууцын бодлого нь БААЗ системийг ашиглах хэрэглэгчийн өөрийн мэдээллээ хамгаалахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлахад чиглэнэ. Мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг дурьдана.

Үг, хэллэгийн тайлбар

Үг, хэллэг Тайлбар
Baaz (БААЗ) систем Дата Бэйнк ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн болох Санхүү, бүртгэлийн онлайн систем
Үйлчилгээ БААЗ системийг ашиглах үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэгч БААЗ системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй Дата Бэйнк ХХК
Үйлчилгээний нөхцөл Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
Хэрэглэгч БААЗ системийг ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөгч хүн
Компани БААЗ систем дээр үүсгэсэн ААН, байгууллага
Та (Таны) БААЗ системд компани үүсгэн ашиглаж буй хэрэглэгч (хэрэглэгчийн)
Үйлчилгээний хугацаа Үйлчилгээний төлбөрт тохирох хязгаарлалтгүйгээр ашиглах хугацаа. Үйлчилгээний хугацаа нь 30 хоногоор тооцогдоно.
Имэйл хаяг БААЗ системд бүртгүүлсэн хэрэглэгчийн имэйл хаяг
Сервер компьютер Үйлчилгээнд ашиглагдаж буй өндөр хүчин чадал бүхий тусгай зориулалтын компьютер

Ерөнхий зүйл

БААЗ систем нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийг боловсруулах, хадгалах зориулалт бүхий санхүү, бүртгэлийн онлайн систем юм. БААЗ системд Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн мэдээлэл хадгалагдана.

Хэрэглэгч өөрийн мэдээллээ эзэмшинэ

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн мэдээллийг Хэрэглэгчийн мэдээлэл гэж тооцох бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хэн ч, хэзээ ч, хаанаас ч мэдээлэлд хандах боломжгүй.

Хэрэглэгчийн мэдээлэл интернэтээр аюулгүй илгээгдэнэ

Хэрэглэгч аль нэг орноос (байршлаас) оруулж, хадгалсан мэдээлэл рүү өөр нэг орноос (байршлаас) хандахад мэдээлэл нэг орноос нөгөө орон (дундын дайран өнгөрч буй орнууд) руу интернэтээр дамжиж байгааг хүлээн зөвшөөрөх, ойлгох хэрэгтэй.

БААЗ систем нь хэрэглэгч болон сервер компьютерийн хооронд дамжигдах бүх мэдээллийг нууцлалын (Secure Sockets Layer) сeртификат ашиглан шифрлэн илгээдэг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн оруулсан мэдээлэл тусгай түлхүүр үгээр шифрлэгдэн дамжигдаж өгөгдлийн санд хадгалагдана.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалж хамгаална

Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээллийг өгөгдөл хадгалах төв дэх Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютерт хадгална. Сервер компьютерт хандалт хийсэн бүх оролдлогууд бүртгэгдэнэ.

Таны браузер програм Таныг таних мэдээллийг хадгалахгүй

БААЗ системд сервер компьютертай дахин холбогдоход хялбар байлгах боломжийг олгох күүки (cookie) зэрэг технологийн шийдлийг ашигладаг. Күүки нь Та болон Таны компанийн талаарх зарим мэдээллийг агуулах боловч Таныг таних мэдээлэл агуулахгүй. Күүки нь браузер програмыг хаахад автоматаар устана.

Браузер програмд күүки ашиглахыг зөвшөөрөх тохируулга хийх шаардлагатай хэдий ч ихэнх браузер програмд күүки зөвшөөрөгдсөн байдаг.

БААЗ систем рүү нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үгийг браузер програмд хадгалахгүй. Энэ нь өөр, өөр компьютерээс холбогдсон үед хэрэглэгчийн нэр, нууц үг браузер програмд хадгалагдах эрсдлээс хамгаална.

Хэрэглэгчийн эрх

Хэн Таны мэдээлэлд хандахыг Та өөрөө хянана

Таны мэдээлэл аюулгүй, найдвартай өгөгдлийн санд хадгалагдана. БААЗ систем нь зөвхөн Таны зөвшөөрлөөр уригдсан хэрэглэгчдэд өгөгдлийн санд хандах боломжийг олгоно.

Үйлчилгээ үзүүлэгч, түүний хамтрагч болон гуравдагч этгээд нь Танаас зөвшөөрөл, урилга хүлээж аваагүй тохиолдолд Таны мэдээлэлд хандалт хийх боломжгүй.

Та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний хугацаа дууссан өдрөөс Таны мэдээлэлд хандах эрхэнд хязгаарлалт хийнэ. Хязгаарлалт нь хадгалагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт хийх, шинээр мэдээлэл оруулах, санхүүгийн тайлан харах боломжийг хязгаарлана.

Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, техникийн өргөтгөл хийхээр мэдэгдсэн хугацаанд сервер компьютерт хандах хэрэглэгчийн хандалтыг түр хязгаарлана.

Дээрхээс бусад тохиолдолд Та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой.

Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага

Нууц үгээ алдалгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна

Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн нууц үгэнд хандах боломжгүй бөгөөд нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага юм.

Өөрийн нууц үгийг алдсанаас үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Та гуравдагч этгээдэд мэдээллээ илгээсэн хариуцлагыг хүлээнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь БААЗ системийг гуравдагч этгээдийн мэдээллийн системтэй холбогдох, тодорхой форматын дагуу мэдээлэл илгээх, солилцох боломжоор хангана.

Үйлчилгээ үзүүлэгч нь гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцлийг гаргуулан авч хэрэглэгчдэд танилцах боломж олгоно.

Та эсвэл Таны зөвшөөрсөн хэрэглэгч гуравдагч этгээдэд мэдээлэл илгээх, солилцох бол гуравдагч этгээдийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, ашиглах эсэх нь Та эсвэл Таны зөвшөөрсөн хэрэглэгчийн хариуцлага байх болно.

Гуравдагч этгээдэд мэдээлэл илгээсэнтэй холбоотойгоор Таны мэдээлэл алдагдсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

Үйлчилгээний нөхцлийг баримтална

Хувийн нууцын бодлого нь үйлчилгээний нөхцлийн бүрэлдэхүүн хэсэг тул Та үйлчилгээг ашиглахын өмнө үйлчилгээний нөхцөл болон энэхүү хувийн нууцын бодлогыг хамтад нь уншиж, танилцах шаардлагатай. Үйлчилгээний нөхцөл болон хувийн нууцын бодлогын хооронд зөрчил эсвэл маргаан үүссэн тохиолдолд үйлчилгээний нөхцлийг баримтлана.

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх

Системийн хэрэглээг хянана

Үйлчилгээ үзүүлэгч болон бизнесийн гол хамтрагч нь БААЗ системийн (дискэн дээр хадгалагдаж буй) мэдээллийн хэмжээ, өгөгдлийн (сүлжээгээр дамжигдаж буй) урсгалын хэмжээ зэрэг нийт хэрэглээний мэдээлэлд хандана.

Хэрэглээний мэдээлэлд үндэслэн техникийн чадамжийг сайжруулах, өргөтгөх, хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх боломжийг бий болгоно. Нийт хэрэглээний мэдээлэл нь БААЗ системд хадгалагдана.

Хувийн нууцын бодлогыг шинэчлэнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь хувийн нууцын бодлогод өөрчлөлт хийх, засвар оруулах эрхтэй бөгөөд өөрчлөгдсөн хувилбарыг вэб сайт дээр байрлуулна.

Үйлчилгээ үзүүлэгч нь вэб сайт болон имэйл хаягаар Танд өөрчлөлтийн мэдэгдлийг хүргэх болно.

Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

Таны кредит картын мэдээллийг хадгалахгүй

Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг кредит картаар хийх бол кредит картын мэдээлэл БААЗ системд хадгалагдахгүй.

Кредит картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.

Танд имэйл харилцаагаар мэдэгдэл хүргэнэ

Үйлчилгээ үзүүлэгч нь БААЗ системийн талаарх мэдээ, мэдээлэл, шинэчлэлт, засвар үйлчилгээний талаарх мэдэгдлийг хэрэглэгчийн имэйл хаягаар илгээнэ.

Мөн Таны хийсэн үйлдлийн талаарх мэдэгдлийг имэйлээр илгээнэ. Үүнд: Таны зөвшөөрлөөр хэрэглэгч урьсан, үйлчилгээний төлбөр төлөгдсөн тухай гэх мэт.